ГИДЦГ-ын Б хэсгээс ирсэн сайхан мэдээ: 2026 оны анхны тахийн унага говьд харагдлаа.
4-р сарын 16-нд Говь-Алтай аймгийн Тонхил сумын байгаль хамгаалагч Р.Октябрьхуваарьт эргүүлд явах үеэрээ говийн Элсэн толгойн ойролцоо нялх унага харжээ. Энэ жилийн үржлийн улирлыг урам зоригтойгоор эхлүүлж буй энэ унагыг ердөө 3-4 хоногтой гэж тооцож байна. Азарга болон нялх унагатай гүүнээс бүрдсэн цомхон сүрэг байсан ба тэд мэдээж хэрэг, Байгаль хамгаалагчийг анзаармагцаа үргэж, Хонь ус руу давхижээ. Дөнгөж төрсөн унагатай гүү байгалиасаа маш сонор сэрэмжтэй, мэдрэмтгий байдаг нь зэрлэг байгальд үр төлөө амьд үлдэхэд тусалдаг амин чухал зөн совин юм.
Унага төрөөд удаагүй байхад олж харсан нь цаашид хамгаалахад нэмэртэй бөгөөд энэхүү өвөрмөц, ховордсон зүйлийн хамгаалалтанд тогтмол хяналт эргүүл хичнээн чухал болохыг харуулж байна.