Ази, Европын 11 байгууллагыг нэгтгэсэн ТХХ нь тахийг зэрлэг, хагас зэрлэг байгальд нутагшуулах, үржүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд уг зүйлийн хамгааллыг сайжруулах үндсэн зорилготой. 2025 оны 10-р сарын 12-нд Арабын Нэгдсэн Эмират улсын Абу Даби хотноо болсон Олон Улсын Байгаль Хамгаалах Холбоо (IUCN)-ны Дэлхийн Байгаль хамгааллын конгрессийн үеэр албан ёсоор үйл ажиллагаагаа эхлүүлсэн энэхүү холбоог үүсгэн байгуулагчдын тоонд ОУТГ болон Говийн их дархан цаазат газрын “Б” хэсэг багтдаг.
30 гаруй жилийн хугацаанд зэрлэг, хагас зэрлэг байгальд буй тахийн популяцийг хадгалан хамгаалах болон уг төрөл зүйлийг унаган амьдрах орчинд нь сэргээн нутагшуулах замаар тахийг хамгаалахад чиглэсэн олон олон санаачлага үүсгэгдэн гарлаа. Эдгээр төслүүдийн хүрэх зорилго нэг, тулгарах сорилт ижил тул удирдаж буй байгууллагууд мэдлэг, туршлагаа солилцох нь бүгдэд ашиг тустай. Тус холбоог байгуулах санаачилгыг 2024 оны есдүгээр сард Хустайн байгалийн цогцолбор газарт болсон Тахийн олон улсын зөвлөгөөнөөр хэлэлцэн боловсруулж, 2025 оны намар Хамтран ажиллах санамж бичиг үйлдсэнээр “Тахь хамгаалах холбоо” албан ёсоор байгуулагдсан.