Тахь

Онцлог шинж чанарууд (Equus ferus ssp. Przewalskii / Пржевальскийн адуу)

Тахь – MO

Тахийн бие адуутай харьцуулахад намхан, богино хүзүүтэй, харьцангуй том толгойтой (мундааны өндөр: 125-147 см, биеийн жин: 240-300 кг). Дэл нь голдуу хул хонгор өнгөтэй, хамрын нүхний хэсэг нь цагаавтар. Олонхи бодгаль нь шилбэ, өвдөгний ар тал, борвиндоо хөндлөн хар судалтай.

Босоо дэл, мундаанаас зоо нуруу дагуу сүүлний цацаг хялгас хүртэл хар бор тууш хүрэн судалтай (хар голтой) нь онцгой харагддаг. Сүүлний урт хар үс нь гэрийн адууных шиг сүүлний ёроолд биш зөвхөн боомтын ёроол руу ургаж эхэлдэг.

Гэрийн адуунаас (64 хромосом) ялгаатай нь тахь 66 хромосомтой байдаг.

Сүргийн бүтэц, амьдрах орчин

Тахь нь Азийн үржил шимгүй тал хээрийн, далайн түвшнээс дээш 1,000 гаруй метрийн өндөрлөг нутагт амьдардаг. Голчлон бэлчээр болон уст цэгээ даган улирлын чанартай нүүдэлдэг. Тахь нь өвлийн улиралд усны хэрэгцээгээ цасаар нөхөж чаддаг бол зуны улиралд уст цэгүүдийг бараадан нутагладаг.

Тахь нь азрагын сүрэг болон үрээний сүргийн зохион байгуулалттай байдаг. Азарганы сүрэг нь насанд хүрсэн азарга, насанд хүрсэн гүүнүүд болон тэдний үр төлөөс бүрдэнэ. Хоёр жилийн дараа үрээнүүд азарганы сүргээс хөөгдөж, ихэвчлэн өөрийн сүрэгтэй болтол эсвэл өрсөлдөгчөө хөөн зайлуулж чадтал үрээний сүрэгт нэгддэг. Мөн залуу гүүнүүд эх сүргээ орхиж өөр сүрэгт хураагддаг.

Тахийн сүргүүдийн бэлчээр нутаг давхцаж байдаг бөгөөд намрын улиралд 2-4 сүрэг нэгдэж томоохон түр зуурын сүрэг үүсгэдэг ч дараа нь дахин салж байгааг ажиглаж болно.

Тахь шүхэр зүйл болох нь

Монголчууд адуутай ойр дотно харилцаатай байдаг нь тахинд мөн хамаарна. 1992 онд анхны тахийг Говийн их дархан цаазат газрын “Б“ хэсэгт тээвэрлэн авчрахад нутгийн олон малчид тахийг унаган нутагтаа эргэж ирэхэд нь угтахаар хэд хоногийн аялал хийн зорин ирсэн байсан.

Энэхүү хүндлэл нь зөвхөн тахинд ашиг тустайгаас гадна Говийн их дархан цаазат газрын “Б“ хэсгийн хамгаалалтын захиргаанд ажил үүргээ хэрэгжүүлэхэд нь тус дэм болдог. “Тахь” нэрийн доор хамгаалалтын захиргаа болон Олон улсын тахь групп нь хүчин чармайлт, арга хэмжээгээ нэгтгэж, хөрөнгийг зориулалтын дагуу ашиглаж, байгаль хамгаалах чухал түншүүдийг нэгтгэж байдаг. Энэхүү хөгжлийн чухал алхам нь 2019 онд Монгол Улсын Засгийн газраас Дархан цаазат газрын нутгийг өргөтгөсөн асуудал юм.

“Говийн гайхамшиг 6”санаачилга

2016 оны 9-р сард Тахийн талд “Говийн гайхамшиг 6” санаачлагыг үүсгэн байгуулсан. Тэр цагаас хойш байгаль хамгаалах байгууллагууд, эрдэмтэн судлаачдын төлөөлөгчид болон сонирхож буй хувь хүмүүс Говийн их дархан цаазат газрын “Б” хэсгийннутагт тогтмол уулзаж, говийн экосистемийг хамгаалах, хадгалах арга хэмжээний талаар хэлэлцэж, хэрэгжилтэд нь анхааран хандуулж ирсэн.

«Говийн гайхамшиг 6»”-т Хавтгай тэмээ, Мазаалай, Тахь, Хулан, Бөхөн, Хар сүүлтий зээр зэрэг 6 зүйл багтдаг. Тахь нь говийн шүхэр зүйлд тооцогдох болсноор илүү өргөн хүрээний дэмжлэгийн ачаар цаашдын түншүүдтэй болж, үйл ажиллагаагаа уялдуулах боломжтой болж байна.

pic
great-gobi-6

Сэргээн нутагшуулах

Тахь нь нэгэн цагт Монголын тал нутгийн унаган амьтанд тооцогдож байсан ч уур амьсгалын өөрчлөлт, бэлчээрийн өрсөлдөөн, ан агнуур зэрэг дарамтын улмаас тоо толгой нь өнгөрсөн зуунд эрс цөөрсөн. 1968 онд хамгийн сүүлчийн тахийг Говийн их дархан цаазат газрын “Б” хэсгийн нутагт харсан бөгөөд үүний дараа байгальд устсан гэж үздэг. .

19, 20-р зууны эхээр олон удаагийн оролдлогоор тахийг зэрлэг байгалаас нь барьж авч явснаар Европын зарим амьтны хүрээлэнгүүд тахьтай болсон байна. . . Гэсэн хэдий ч 1940-өөд оны эхээр дэлхий дээр зөвхөн 13 нөхөн үржихүйн тахь байжээ. Үүний дараа тахийн үржлийн номыг хөтөлж эхэлсэн бөгөөд амьтны хүрээлэнгүүд болон амьтан үржүүлэх сонирхол бүхий хувь хүмүүс хоорондын хамтын үйл ажиллагааны үндсэн дээр нэг талаас тухайн зүйлийн амьд үлдэх, нөгөө талаас генетикийн олон янз байдлыг хангах боломжийг олгосон байна.

Европын нэн ховордсон төрөл зүйлүүдийн хөтөлбөр (EEP)-ийн дагуу өнөө үед тахиудыг амьтны хүрээлэн хооронд солилцох эсвэл Монгол руу зөөвөрлөгдөж буй тахийг сонгохдоо үржлийн номыг үндэслэсэн хэвээр байна. Өнөөдөр дэлхий дээр 2,500 орчим тахь байна.

Тахийг уламжлалт амьдрах орчинд нь сэргээн нутагшуулах ажил 1980-аад оны дунд үеэс эхэлсэн бөгөөд 1992 онд анхны тээвэрлэлтээс хойш Олон улсын тахь групп (ITG) нь Говийн их дархан цаазат газрын “Б” хэсэгт сэргээн нутагшуулах төслийг амжилттай хэрэгжүүлж ирсэн: Сэргээн нутагшуулах үеийн чухал үйл явдлуудыг PDF болон видео бичлэгээс үзнэ үү.

Говийн их дархан цаазат газрын “Б” хэсгийн тахийн сүргийн тоо толгойн өсөлт

Өвчин (пироплазмоз, сахуу) мөн гандуу зун, нэг метр хүртэлх цастай хатуу өвөл (2000 оны 1 дүгээр сар болон 2009 оны 10 дугаар сар), зуд зэрэг анхны бэрхшээлүүдийг эс тооцвол Говийн их дархан цаазат газрын “Б“ хэсгийн тахийн тоо толгой өссөөр байгаа нь тахь унаган зэрлэг байгальдаа нутагшиж байна гэсэн үг юм.

IUCN буюу Байгаль Хамгаалах Олон улсын холбооноос тахийг өмнө нь “зэрлэг байгальд устсан”, дараа нь “нэн ховордсон” гэсэн ангилалд тодорхойлж, 2011 оноос хойш “ховордсон” гэж ангилах болсон. IUCN-ийн удирдамжаар бол Говийн их дархан цаазат газрын “Б” хэсэг дэхь тахийн сүрэг урт хугацаанд оршин тогтнохын тулд нөхөн үржихүйн насны дор хаяж 1,000 тахь байх ёстой гэж үздэг. Гэвч тэр үеийг хүртэл хяналт, шинжлэх ухааны дэмжлэг зайлшгүй чухал.

2020 оны 10 дугаар сарын байдлаар Говийн их дархан цаазат газрын “Б” хэсэгт 320 тахь, 56 унага байгаа бөгөөд тэдгээр нь 23 сүрэг, 3-5 үрээний сүрэгт хуваагдан амьдарч байна.

Одоогоор тахийн популяци нь уур амьсгалын өөрчлөлт, бэлчээрийн даац хэтрэлт, тэжээвэр амьтдын нөлөөлөлд голчлон өртдөг. Тахийн популяцийн оршин тогтнох, цаашдын өсөн үржих хамгийн чухал сорилт бол Их Говийн шим мандлын нөөц газар болон түүнтэй хөршлөн орших Хятад, Казахстан улсуудын зэргэлдээх нутгуудыг хамгаалах явдал юм.