2025 оны 8-р сард Баянтооройд болсон Говийн их дархан цаазат газрын 50 жилийн ойн баярын арга хэмжээний үеэр ОУТГ-ын ерөнхийлөгч Райнхард Шнидриг болон ОУТГ-ын Монгол дахь ТГ-ын гүйцэтгэх захирал Ж.Батсүх нар “Монголын говь”-ийг ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн жагсаалтад бүртгүүлэх өргөдлийн хэвлэмэл материалыг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд ноён Б.Батбаатарт гардуулж өгсөн билээ.
2025 оны 11-р сарын 24-25-ны өдрүүдэд Францын Парис хот дахь ЮНЕСКО-гийн төв байранд Дэлхийн өвийн конвенцын Талуудын 25 дугаар Ерөнхий Ассамблейн чуулган болж, Дэлхийн өвийн конвенцын оролцогч 196 улсын төлөөлөл хуран чуулсан. Чуулганаар Ерөнхий Ассамблей, Дэлхийн өвийн хорооны шинэ гишүүдийг сонгосон бөгөөд үүнд Монгол, Чех, Швейцар улсууд багтжээ. Энэхүү хороо нь тухайн өвийг Дэлхийн өвийн жагсаалтад бүртгүүлэх эсэх талаар эцсийн шийдвэр гаргах эрхтэй, “Монголын говь”-ийг бүртгүүлэх Монгол Улсын өргөдлийг шийдвэрлэхэд чухал үүрэгтэй байгууллага болно. Эдгээр гурван улс ОУТГ-ын үйл ажиллагаатай нягт холбоотой ба өргөдлийн баримт бичгийг боловсруулахад тэргүүлэх үүрэгтэй оролцсон тул энэ нь ирээдүйд томоохон ач холбогдолтой үйл явдал юм.