Говь дахь Вет Мед цех

Говийн их дархан цаазат газрын “Б” хэсгийн байгаль хамгаалагчдын хийдэг ажлуудын нэг нь зэрлэг амьтдын хяналт шалгалт юм. Үхсэн зэрлэг амьтдын бүртгэл ч үүнд багтана. Өнгөрсөн долоо хоногт ДЦГ-ын Хамгаалалтын захиргаан дээр зэрлэг амьтдын өвчин, хорогдол, тохиолдож болох малын гоц халдварт өвчний талаар мэдээлэл өгөх сургалт зохион байгуулагдлаа. Сургалтын хүрээнд зоонозын өвчин, үхлийн дараах үзлэг, (эдээс) дээж авах зэрэг сэдвүүд орсон байна. Сургалтаар хэрхэн үхсэн амьтдыг бүртгэх, мэдээллийг цуглуулах, тэмдэглэх талаар нарийн зааж, хэрхэн дээж авах талаар дадлага хийлээ. Зэрлэг амьтдын үхлийн шалтгааныг илүү сайн ойлгох, өвчний шинж тэмдэг байвал цаг алдалгүй илрүүлж урьдчилан сэргийлэх арга хэмжээ авснаар тархалтыг хянах боломжтой талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл өглөө.