Зүүнгарын говийн шувууны судалгаа

ШУА-ын Биологийн хүрээлэн, Олон улсын тахь групп, Говийн их ДЦГ-ын “Б” хэсгийн Хамгаалалтын захиргаа хамтран Зүүнгарын говийн шувууны судалгааг 2025 хүртэл хоёр жилийн хугацаанд судлахаар ажиллаж байна. Судалгааны зорилго нь шувууны судалгаа бага хийгдсэн уг бүс нутгийн шувуудын зүйлийн бүрэлдэхүүнийг тогтоож, ховор шувуудын тархац, тоо толгойг үнэлснээр цаашид Говийн их ДЦГ-ын “Б” хэсгийн шувуу хамгааллын оновчтой менежментийг тодорхойлох юм. Эхний хээрийн судалгааг 2023 оны 6-р сарын 6-19-ны хооронд Говийн их ДЦГ-ын “Б” хэсгийн зүүн хэсэгт байрлах Алаг нуураас эхлэн баруун хязгаар Байтаг Богд хүртэл хийж гүйцэтгэв. Шувуудын чухал амьдрах нутаг болох Тахийн шар нуруу, Хонь ус, Нуурын зоо, Цонж, Хавтагийн нуруу, Булган гол зэрэг олон чухал нутгаар явж судалгааг гүйцэтгэж, нийт 120 гаруй зүйл бүртгэснээс Төв Азид өргөн тархалттай боловч Монгол оронд ховор тохиолдох шувууд цөөнгүй таарав. Үүнд: Халиун заараг (Iduna caligata), Шагшуургын шатансүүлт (Locustella luscinioides), Бужмаг хөөндэй (Turdus viscivorus), Шарга зөгийч (Merops apiaster), Хар духт дунхай (Lanius minor), Эгэл шаргач (Oriolus oriolus) гэх мэт олон шувуудыг дурдаж болно. Түүнчлэн, бүс нутгийн хэмжээнд төдийгүй олон улсад ховордлын зэрэглэлд орсон олон шувууд байгаагаас Манхин галуу (Anser albifrons), Улаан хүзүүт шумбуур (Aythya ferina), Алтайн хойлог (Tetraogallus altaicus), Ооч ёл (Gypaetus barbatus), Хималайн хажир (Gyps himalayensis), Нөмрөг тас (Aegypius monachus), Идлэг шонхор (Falco cherrug), Хархираа тогоруу (Grus grus), Умардын хавтгаалж (Vanellus vanellus), Өрнийн хүүрзгэнэ (Streptopelia turtur), Загийн бор шувуу (Passer ammodendri) зэрэг олон шувуу тохиолдов.