Зэрлэг амьтдын судалгаа Монголруу хөтлөв

Learning Wild: Эмили Кисон (Equine International) болон Бонни Миланд (Touching Wild), мөн ОУТГ, ГИДЦГазрын Б хэсгийн Далайцэрэн Сүхбаатар, Рейнхард Шнидриг, Дагвасүрэн нарын хамтарсан багийнхан Говийн Б-д гайхалтай аялал хийж, насан туршид ховор тохиох туршлага хуримтлуулав. Эмили Кисон аяллынхаа талаар:
“Зэрлэг амьтдыг судлах баг Говийн В-д очсон нь миний бүх хүлээлтээс давсан аялал боллоо. Говийн Б ДЦГ-ын ажилтнууд болон хөтөч нар гойд зочломтгой байсан бөгөөд бидний ихэнх нь урьд өмнө хэзээ ч үзэж байгаагүй огт өөр байгаль, соёлыг хүлээн авч буйгаа тэр даруй мэдэрсэн. Тус газар нутгаар явж, зэрлэг ан амьтдын талаар судлах бидний хүсэл зорилгыг биелүүлэхийн тулд ажилтнууд хичнээн их зүйл хийхэд бэлэн байгааг хараад би бүр санаа зовсон. Энэхүү нэгж нь өөрөө сурах судлах боломжоор хангаж өгөх суурь бааз болсон төгс газар юм. Багийн гишүүд маань үүр цайхын өмнө босч аль нэг баянбүрдэд ан амьтдыг ажиглахаар очих, эсвэл байрандаа үлдээд гэрийнхээ ая тухтай орчинд байгалийн үзэсгэлэнг харах мэтээр Говийн гайхамшгийг хүссэнээрээ харж бишрэх хязгааргүй боломжтой байлаа.” гэжээ.

Тахь сэргээн нутагшуулсны 31 жилийн Наадам

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Говь-Алтай, Бугат сумын Биж баг-т Тахь сэргээн нутагшуулсны 31 жилийн ойг тэмдэглэж наадамлахаар бүс нутгаас олон зочид иржээ.

Наадмын үеэр бөх барилдаж, сур харваж, морио уралдуулан сайхан наадлаа. ITG-ийн ерөнхийлөгч Райнхард Шнидриг энэхүү арга хэмжээ ивээн тэтгэж ГИДЦГ-ын “Б” хэсгийн хамгаалалтын захиргааны

ажилтан байгаль хамгаалагч нар амжилттай зохион байгууллаа.

Зүүнгарын говийн шувууны судалгаа

ШУА-ын Биологийн хүрээлэн, Олон улсын тахь групп, Говийн их ДЦГ-ын “Б” хэсгийн Хамгаалалтын захиргаа хамтран Зүүнгарын говийн шувууны судалгааг 2025 хүртэл хоёр жилийн хугацаанд судлахаар ажиллаж байна. Судалгааны зорилго нь шувууны судалгаа бага хийгдсэн уг бүс нутгийн шувуудын зүйлийн бүрэлдэхүүнийг тогтоож, ховор шувуудын тархац, тоо толгойг үнэлснээр цаашид Говийн их ДЦГ-ын “Б” хэсгийн шувуу хамгааллын оновчтой менежментийг тодорхойлох юм. Эхний хээрийн судалгааг 2023 оны 6-р сарын 6-19-ны хооронд Говийн их ДЦГ-ын “Б” хэсгийн зүүн хэсэгт байрлах Алаг нуураас эхлэн баруун хязгаар Байтаг Богд хүртэл хийж гүйцэтгэв. Шувуудын чухал амьдрах нутаг болох Тахийн шар нуруу, Хонь ус, Нуурын зоо, Цонж, Хавтагийн нуруу, Булган гол зэрэг олон чухал нутгаар явж судалгааг гүйцэтгэж, нийт 120 гаруй зүйл бүртгэснээс Төв Азид өргөн тархалттай боловч Монгол оронд ховор тохиолдох шувууд цөөнгүй таарав. Үүнд: Халиун заараг (Iduna caligata), Шагшуургын шатансүүлт (Locustella luscinioides), Бужмаг хөөндэй (Turdus viscivorus), Шарга зөгийч (Merops apiaster), Хар духт дунхай (Lanius minor), Эгэл шаргач (Oriolus oriolus) гэх мэт олон шувуудыг дурдаж болно. Түүнчлэн, бүс нутгийн хэмжээнд төдийгүй олон улсад ховордлын зэрэглэлд орсон олон шувууд байгаагаас Манхин галуу (Anser albifrons), Улаан хүзүүт шумбуур (Aythya ferina), Алтайн хойлог (Tetraogallus altaicus), Ооч ёл (Gypaetus barbatus), Хималайн хажир (Gyps himalayensis), Нөмрөг тас (Aegypius monachus), Идлэг шонхор (Falco cherrug), Хархираа тогоруу (Grus grus), Умардын хавтгаалж (Vanellus vanellus), Өрнийн хүүрзгэнэ (Streptopelia turtur), Загийн бор шувуу (Passer ammodendri) зэрэг олон шувуу тохиолдов.

усны цэгийн хамгаалалт

2018-2020 онд ГИДЦГ-ын “Б” хэсгийн Хамгаалалтын захиргаа, Үенч-Бодонч-Булган голын сав газрын захиргааны ажилтнууд орон нутгийн иргэдтэй хамтран зэрлэг амьтад болон мал ундаалах эх үүсвэр болсон булгуудын эхийг Швейцарын хөгжлийн агентлаг, Олон улсын тахь группийн санхүүжилтээр хашиж хамгаалсан юм.

Булгуудын эхийг байгальд халгүй аргаар буюу налуу, босоо загвараар гурван тулгуурт шон босгож, чулуун ачааг шонгийн доод хэсэгт суулган, ханан торыг шонд бэхлэн хашаалсан бөгөөд эдгээр хашиж хамгаалсан булгуудын өнөөгийн байдлыг тодорхойлж, паспортжуулж, орон нутагт хүлээлгэн өгөх ажлыг эхлүүлж байна.

Орон нутгийн сургуулиудад экологийн сургалт

2023 оны 05-р сарын 02-04-ний өдрүүдэд ГИДЦГ-ын “Б” хэсгийн байгаль хамгаалагчид, биологич О. Ганбаатар, малын эмч Швейцар улсын иргэн Анжела Бечек нар ДЦГ-ын орчны бүсийн Ховд аймгийн Алтай, Үенч, Булган сумдын ЕБС-ийн 8-10 дугаар ангийн нийт 226 сурагчдад байгаль хамгааллын мэдлэгийг нэмэгдүүлэх, байгаль орчны чиглэлийн мэргэжил сонгоход уриалах сургалт зохион байгууллаа. Энэ хавар Үенч сумын 10 дугаар ангийн сурагчдад Тусгай хамгаалалттай газар нутгийн тэр тусмаа өөрийн сумын нутаг дэвсгэр дээр оршдог ГИДЦГ-ын “Б” хэсгийн хил хязгаар хаанаас эхэлдэг,

ДЦГ-ын зохион байгуулалт, түүний горим, дэглэмийн талаар нэмэлт мэдээлэл өгөх хээрийн аялал зохион байгуулах юм. Энэхүү сургалтыг Говь-Алтай аймгийн Тонхил,

Бугат сумдын ЕБС-ийн сурагчдад энэ намар хийх төлөвлөгөөтэй байна.

Говь дахь Вет Мед цех

Говийн их дархан цаазат газрын “Б” хэсгийн байгаль хамгаалагчдын хийдэг ажлуудын нэг нь зэрлэг амьтдын хяналт шалгалт юм. Үхсэн зэрлэг амьтдын бүртгэл ч үүнд багтана. Өнгөрсөн долоо хоногт ДЦГ-ын Хамгаалалтын захиргаан дээр зэрлэг амьтдын өвчин, хорогдол, тохиолдож болох малын гоц халдварт өвчний талаар мэдээлэл өгөх сургалт зохион байгуулагдлаа. Сургалтын хүрээнд зоонозын өвчин, үхлийн дараах үзлэг, (эдээс) дээж авах зэрэг сэдвүүд орсон байна. Сургалтаар хэрхэн үхсэн амьтдыг бүртгэх, мэдээллийг цуглуулах, тэмдэглэх талаар нарийн зааж, хэрхэн дээж авах талаар дадлага хийлээ. Зэрлэг амьтдын үхлийн шалтгааныг илүү сайн ойлгох, өвчний шинж тэмдэг байвал цаг алдалгүй илрүүлж урьдчилан сэргийлэх арга хэмжээ авснаар тархалтыг хянах боломжтой талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл өглөө.

Малын эмчийн дэмжлэг туслалцаа

Адууны анагаах ухааны чиглэлээр мэргэшсэн Швейцар улсын иргэн, малын эмч Анжела Бечек Тахийн талд түр хугацаагаар ажиллахаар ирсэн юм. Тэрээр энэ жилийн хахир хатуу өвлөөр хорогдсон зэрлэг амьтад, тэр дундаа тахийн хорогдлын шалтгааныг судлахад тахь судлаач Далайд туслах болно. Эдгээр “үхсэн тахийн задлан шинжилгээ” хийснээр тухайн амьтад яагаад хорогдсоныг ойлгоход чухал ач холбогдолтой бөгөөд зэрлэг амьтдын мониторингийн чухал хэсэг юм. Энэ нь жишээлбэл, өвчнийг эрт илрүүлж, амьтдын дунд өвчин тархахаас өмнө урьдчилан сэргийлэх арга хэмжээг цаг тухайд нь авах боломжийг олгодог.

САР ШИНЭДЭЭ САЙХАН ШИНЭЛЭЭРЭЙ.

Монгол түмэндээ XVII дугаар жарны Үзэсгэлэнт болгогч хэмээх Харагчин Туулай жилийн сар шинийн мэндийг өргөн дэвшүүлье. Та бүхэндээ Монгол хүн бүрийн сэтгэл зүрхэнд, ухамсарт шингэсэн соёлын хамгийн том илэрхийлэл болох сар шинийн баяраа айл хотлоороо сэтгэл амгалан сайхан тэмдэглэхийг хүсэн ерөөе.

ITG семинар

ITG жил бүрийн нэг сард цугларан өнгөрч буй онд хэрэгжүүлсэн төслүүд болон ирж буй онд хийгдэх ажлуудын талаар ярилцахаар семинар зохион байгуулдаг билээ. Цар тахлын улмаас түрүү жил цахимаар хийж байсан бол энэ жил Монгол, Швейцар, Чех, Норвеги, Герман зэрэг улсаас бидний хамтрагчид Цюрих хотын Wildnispark амьтны хүрээлэнд хүрэлцэн ирж оролцлоо. Мөн Нюрнберг хот, Берлин хотын амьтны хүрээлэнгүүдийн төлөөлөл манай семинарт анхны удаа ирж оролцож, цаашид илүү нягт хамтран ажиллахаар боллоо. Түүнчлэн Монгол улсын Байгаль орчин, аялал жуулчлалын яам (БОАЖЯ)-тай хамтран ажиллах нь маш чухал бөгөөд тэдний төлөөлөгчид манай семинарт хүрэлцэн ирсэнд таалархаж байна.

Бид бүгдийн зорилго: эртний зэрлэг адуу, түүний амьдрах орчин ба энэхүү өвөрмөц экосистемийг хамгаалахад оршдог билээ.