САР ШИНЭДЭЭ САЙХАН ШИНЭЛЭЭРЭЙ.

Монгол түмэндээ XVII дугаар жарны Үзэсгэлэнт болгогч хэмээх Харагчин Туулай жилийн сар шинийн мэндийг өргөн дэвшүүлье. Та бүхэндээ Монгол хүн бүрийн сэтгэл зүрхэнд, ухамсарт шингэсэн соёлын хамгийн том илэрхийлэл болох сар шинийн баяраа айл хотлоороо сэтгэл амгалан сайхан тэмдэглэхийг хүсэн ерөөе.

ITG семинар

ITG жил бүрийн нэг сард цугларан өнгөрч буй онд хэрэгжүүлсэн төслүүд болон ирж буй онд хийгдэх ажлуудын талаар ярилцахаар семинар зохион байгуулдаг билээ. Цар тахлын улмаас түрүү жил цахимаар хийж байсан бол энэ жил Монгол, Швейцар, Чех, Норвеги, Герман зэрэг улсаас бидний хамтрагчид Цюрих хотын Wildnispark амьтны хүрээлэнд хүрэлцэн ирж оролцлоо. Мөн Нюрнберг хот, Берлин хотын амьтны хүрээлэнгүүдийн төлөөлөл манай семинарт анхны удаа ирж оролцож, цаашид илүү нягт хамтран ажиллахаар боллоо. Түүнчлэн Монгол улсын Байгаль орчин, аялал жуулчлалын яам (БОАЖЯ)-тай хамтран ажиллах нь маш чухал бөгөөд тэдний төлөөлөгчид манай семинарт хүрэлцэн ирсэнд таалархаж байна.

Бид бүгдийн зорилго: эртний зэрлэг адуу, түүний амьдрах орчин ба энэхүү өвөрмөц экосистемийг хамгаалахад оршдог билээ.

Ноолуур бидний ирээдүй

Монголын говийн ноолуур нүүдэлчин малчид болон зэрлэг адуу болох тахийн ирээдүйг баталгаажуулж байна.

12-р сарын 2-ны өдөр ITG, EDELZiEGE компанитай хамтран Зүүнгарын говь дахь ноос ноолуурын чанар болон гарцын талаар мэдээллийн үдэш зохион байгууллаа. ГИДЦГ-ын “Б” хэсгийн нутагт 280 орчим малчин өрх улирлын чанартайгаар малаа малладаг. Малчдын орлогын гол эх үүсвэр нь ямааны ноолуур болдог. Тэд ямаагаа самнаж ангилан борлуулж, дараа тэр ноолуураар нь сайхан дулаахан, загварлаг бүтээгдхүүн үйлдвэрлэдэг. Гэхдээ тогтвортой үйлдвэрлэл яаж амжилтанд хүрэх вэ? Малын тоо толгойг байгаль хамгаалах зорилттой хэрхэн уялдуулах вэ? Мөн нийгмийн шударга ёс, экологийн үйлдвэрлэлийг хэрхэн бий болгох вэ?

Эдгээрийг “Ноолуур бидний ирээдүй” уриан дор ITG-ийн ажлын хэсэг хэлэлцэж байна. Намар байгуулагдсан анхны малчдын хоршоо одоо гараагаа энэ жил эхэллээ.

Ирж буй 2023 шинэ он амжилт бvтээлээ ахиулсан он жил байх болно.

Гол хүмүүсийн тухай мэдээ

Говийн их дархан цаазат газрын “Б” хэсгийн хамгаалалтын захиргааны даргаар хорь гаруй жил ажилласан Оюунсайханы Ганбаатар нь 2022 оны есдүгээр сарын сүүлчээр ажлаа өгч, байгаль хамгаалалын дахин нэгэн шинэ сорилтыг эхлүүллээ.

Тэрээр тахь сэргээн нутагшуулах төсөлд анхлан 1999 онд Монгол Улсын Их сургуулийн биологийн ангийн оюутан байх үеэс тухайн үед энэхүү төсөлтэй нягт холбоотой ажиллаж байсан профессор Равчигийн Самъяагийн удирдлаган доор эхлүүлж байжээ. Тухайн үед тахийн судалгааны хөтөлбөр дөнгөж эхэлж байсан. Үнэнч шударга зантай Ганбаатар нь уг төсөлд маш хурдан дасан зохицон, олон жилийн ажлын туршлага, шинжлэх ухааны судалгааны баримтуудыг хуримтлуулж, шилдэг тахийн биологич болон тодрон гарсан. Түүний орон нутгийн улс төрчид, малчид, ард иргэд болон Олон улсын тахь групп нийгэмлэлтэй маш сайн харилцаа холбоо үүсгэн ажиллаж чадсаны үр дүнд тахь сэргээн нутагшуулах хөтөлбөрийг дахин нэгэн шат ахиулж чадсан ажил нь 2019 оны дархан цаазат газрын өргөтгөл юм. Ганбаатар нь Монгол улсад төдийгүй олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн тахийн биологич гэдгээ батлан эх орондоо дөрөв дахь удаагийн тахь нутагшуулах ажлыг эхлүүлж байгаагийн зэрэгцээ тэрээр шинжлэх ухааны докторын ажлаа дуусгахад ханцуй шамлан орж байна.

Тахь нутагшуулах үйлсэд 23 жил үнэлж баршгүй ажилласан О. Ганбаатарт ОУТГ чинь сэтгэлээсээ талархаж түүнд болон түүний гэр бүлийнхэнд цаашдын ажилд нь өндөр амжилт хүсье!

О. Ганбаатарын оронд Говийн их дархан цаазат газрын “Б” хэсгийн хамгаалалтын захиргааны даргын үүргийг “Аагий” буюу Н.Алтансүх түр орлон гүйцэтгэгчээр хариуцан ажиллаж байна. Тэрээр Говь-Алтай аймаг, Бугат сум, Биж багийн уугуул иргэн бөгөөд Олон улсын эдийн засаг, бизнесийн дээд сургуулийг эдийн засагч, нягтлан бодох бүртгэлийн чиглэлээр бакалавр; Эко-Ази дээд сургуулийг экологич, байгаль хамгаалагч мэргэжлээр бакалавр; Ховд их сургуулийн биологийн ухааны магистр зэрэгтэй.

Тиймээс тэрээр орон нутгийн нөхцөл байдал, оролцогч талуудыг сайн мэддэг. Н.Алтансүхэд шинэ албан тушаалд нь баяр хүргэж, үр бүтээлтэй хамтран ажиллахыг хүсэн ерөөе.

ГИДЦГ-ын “Б” хэсгийн орчны бүсийн малчдын хоршоодын үйл ажиллагаа эрчимжлээ

ГИДЦГ-ын “Б” хэсэгт зэрлэг амьтан, нүүдэлчин малчид зэрэгцэн оршиж, нөөц баялгаа хуваалцдаг. Зэрлэг амьтан, малын бэлчээрийг хамгаалахын тулд бид бэлчээрийн менежментийн тогтвортой байдлыг хангах ёстой билээ. ГИДЦГ-ын “Б” хэсгийн ХЗ, ОУТГ-ийн удирдлагууд бэлчээрийн менежментэд дэмжлэг үзүүлэх, нийгмийн тэгш байдлыг хангах, тусгай хамгаалалттай газар нутаг болон түүний эргэн тойронд амьдардаг малчдыг эдийн засгийн зохистой орлоготой болгох зорилгоор Тогтвортой ноолуурын нэгдсэн холбоо (ТННХ)-той хамтран ажиллаж байна.

Өнгөрсөн долоо хоногт Говь-Алтай аймгийн Бугат сумын Биж, Пермь багийн малчидтай хийсэн анхны уулзалтууд боллоо. ТННХ, ОУТГ, ГИДЦГ-ын “Б” хэсгийн ХЗ-ны дэмжлэгтэйгээр орон нутагт хоршоо байгуулах санаачлалгыг малчид бүрэн дэмжиж,

энэ санаачлалыг шууд ажил хэрэг болгож гишүүд нэгдэж хоршооны дарга, удирдах зөвлөл, хяналтын хороо байгууллаа!

Энэ нутгийн хүн, амьтдын амьдрах орчин болсон ГИДЦГ-ын “Б” хэсгийн экосистемийг хамтдаа хамгаалцгаая.

“Ирээдүйн судлаач-2022” – Бага боловсрол (хээрийн аялал)

Говийн их дархан цаазат газрын “Б” хэсгийн орчны бүсэд багтах Говь-Алтай аймгийн Бугат сум, Тахийн тал, Тонхил сум, Алтансоёмбо багийн бага сургуулийн I-V ангийн нийт 30 сурагч, 14 багш, ажилчдын хамт 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр “ БИД ЭХ ДЭЛХИЙН НАЙЗУУД, БИД БАЙГАЛЬ ХАМГААЛАГЧИД” гэсэн уриан доор нэгдсэн хээрийн аялалд оролцон бяцхан судлаачид боллоо. Судлаачид маань тухайн өдрийн цаг агаарын мэдээллийг хэлж сурч, тэмдэглэл хөтлөн байгалийн юмс үзэгдэлтэй өөрсдийн гараар хүрч, барьж танилцан мэдлэг цуглууллаа.

Нэгэн өдрийг маш сонирхолтой, хөгжилтэй өнгөрүүлээ бид.

Говь, талын туруутан амьтдын тооллого 2022

Өнгөрсөн долоо хоногт эрч хүчээр дүүрэн баг Зүүнгарын говь дахь зэрлэг амьтдыг тоолон, говь, талын туурайтан амьтад (хар сүүлт зээр, хулан, тахь)-д онцгой анхаарал хандууллаа.

Зэрлэг амьтдын тооллого судалгааг ГИДЦГ-ын “Б” хэсгийн албан хаагчид, Монгол Улсын Их Сургуулийн судлаачид, Норвегийн Дотоодын Их Сургууль болон Олон Улсын Тахь Группын олон улсын шинжлэх ухааны судлаачид хамтран ажилсан. Нийт 34 ажиглагчид говийн бүсэд 7 хонож, зайнаас түүвэрлэлтийн аргыг ашигласан судалгааг хийв. Үүнийг хэрэгжүүлэхэд ажиглагчид говийн дов толгод, уулс дээр гарч, 24 цагийг ганцаар өнгөрүүлэв. Тэд үндсэн ажиглалтын цэгүүдэд хоорондоо 4 км-ийн зайд байрлаж, зэрлэг амьтдыг 6 удаа бүртгэж тоолсон.

Өдөр, шөнийг ганцаараа говьд өнгөрүүлэх нь бүх ажиглагчдын хувьд сэтгэл хөдөлгөм, онцгой байсан байх.

Ажиглагчдыг зохион байгуулалттай гал тогооны баг дэмжиж, хоол хүнсээр хангасан.

Байгаль хамгаалагчдад Прагын амьтны хүрээлэнгээс дуран өгч, Швейцарийн Fossil компаниас цаг бэлэглэсэн. Тухайн судалгааг ОУТГ санхүүжүүлсэн бөгөөд ОУТГ-ын монгол дахь төлөөлөгчийн багийнхан, тусгай хамгаалалттай газар нутгийн удирдлагын тусламжтайгаар төслийг бүхэлд нь зохион байгуулсан. Төслийг шинжлэх ухааны үүднээс Петра Каценскийн удирдлага дор Норвегийн Дотоодын Их Сургуулийн хэд хэдэн эрдэмтэд дагалдаж байв.

Судалгааны явц одоогоор хээрийн судалгааны мэдээлэлд анализ хийж байгаа бөгөөд удахгүй говь, талын туурайтан амьтдын популяцийн хэмжээг тооцоолох боломжтой болно.

Энэхүү сонирхолтой төслийг дэмжсэн бүх хүмүүст маш их баярлалаа!

Монгол улсад тахь сэргээн нутагшуулсны 30 жилийн ойн баярыг тэмдэглэн өнгөрүүллээ

Тахь нь манай орны унаган зүйл амьтан боловч 1960 оны сүүлээр байгальдаа бүрэн устсан гашуун түүхтэй юм. Яг одоогийн байдлаар Хустайн нурууны байгалийн цогцолбор газарт 433, Говийн их дархан цаазат газрын “Б” хэсэгт 423, Хомын талынбайгалийн цогцолбор газарт 138 нийтдээ 1000 шахам толгой тахь сэргээн нутагшуулж байгаа бөгөөд манай улс дэлхийд хамгийн олон тахь бэлчээрлэдэг орон болжээ. Тахь нутагшуулах ажлыг эхлүүлж гар бие оролцож, залуу халуун насаа өнгөрүүлсэн ахмад ажилчид, өнөөдөр ажиллаж буй албан хаагчдын төлөөлөл, хамтран ажилдаг гадаадын иргэд, олон улсын байгууллага, төсөл хөтөлбөрүүд та бүхэндээ талархал илэрхийлж хүндэтгэл үзүүлье.